Гамшигт тэсвэртэй хотууд төслийн төгсгөлийн үнэлгээ
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” санаачилгын хүрээнд хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлж, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах зорилгоор “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн байна.
“Эс Ай Си Эй” ХХК нь 2020 оны 8-9 дүгээр сард энэхүү төслийн төгсгөлийн үнэлгээг гүйцэтгэлээ. Үнэлгээ нь төсөл хэрэгжсэн газрууд болох Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Баянзүрх, Баянгол, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг болон Орхон аймгийн Эрдэнэ, Уртын гол, Даваат, Говил, Цагаанчулуут, Яргуйт багуудыг хамарсан ба манай компанийн баг бүрэлдэхүүн байршил бүрд хүрч ажилласан.
Үнэлгээний ажилд тоон болон чанарын судалгааны аргыг ашигласан ба төслийн үр шимийг хүртэгчдийн төлөөлөл болох 751 иргэн, багуудын засаг дарга, ОБЕГ, НЗДТГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Орхон аймгийн ОБГ, ЭМГ, ГБХЗХГ, БСУГ-ын ажилчид хамрагдсан юм.
Төслийн төгсгөлийн шатны үнэлгээний үр дүнд үр шим хүртэгчдийн гамшгийн үеийн бэлэн байдлын чадавх нэмэгдсэн, олон нийтийн мэдлэг, ойлголт болон гамшиг, аюулт үзэгдлийг даван туулах чадвар сайжирч уг төсөл нь зорилго, зорилтдоо хүрсэн бөгөөд бид цаашид анхаарах асуудал бүхий санал, зөвлөмжийг тусгаж тайланг захиалагч талд амжилттай хүлээлгэн өглөө.