Мэдээ
Мэдээ
Прокурорын байгууллагын хэрэглэгчийн судалгаа
Бид “Улсын Ерөнхий Прокурорын Газар”-ын захиалгаар прокурорын байгууллагын олон нийттэй харилцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, олон нийтэд прокурорын байгууллагын талаарх мэдээ, мэдээлэл, явуулж буй үйл ажиллагаа хэр хүртээмжтэй, ойлгомжтой байдгийг тодруулахад зорилгоор “Прокурорын байгууллагын хэрэглэгчийн судалгаа”-г гүйцэтгэсэн билээ. Судалгааг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, хүн амыг төлөөлөхүйц 1009 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож авч, мэдээлэл цуглуулсан. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг иргэд хэр мэддэг, прокурорын байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааг хэр сайн мэддэг, прокурорын байгууллага гэхээр юу санаанд нь бууж байгаа зэрэг хэд хэдэн асуултаар байгууллагын танигдсан байдлыг тодруулан гаргасан. Олон нийттэй харилцах үйл ажиллагааг тодорхойлохдоо иргэдийн олж авсан мэдээ, мэдээлэл нь ойлгомжтой байдаг эсэх, тухайн мэдээ, мэдээлэл  нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлж чадаж байгаа эсэхийг харгалзан үзэхээс гадна мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг нарийвчлан авч үзсэн. Харин прокурорын байгууллагын үнэлгээг хийхдээ танигдсан байдлын үнэлгээ болон хэрэглэгчдийн үнэлгээ гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр хийж, дүн шинжилгээ хийлээ. Улсын Ерөнхий Прокурорын Газрын хамт олондоо талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
2021.04.08 19:45
0
Жижиг дунд бизнесийн ажил эрхлэлтийн өнөөгийн байдал
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр манай компанийн баг хамт олон энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Тус судалгааны ажил нь ЖДБ-ын ажилтнуудын ажил эрхлэлтийн нөхцөл болон манай улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ЖДБ–ын салбар ямар үүрэгтэй байдгийг тодорхойлох чухал ач холбогдолтой судалгаа болсон. Уг судалгаагаар ЖДБ-ын ажилтнуудын ажил эрхлэлтийг 8 салбар чиглэлээр, мөн бичил, жижиг, дунд бизнесийн төрлөөр нь тодорхойлж, тэдгээр аж ахуйн нэгжүүд нь дунджаар хэдий хэмжээний ажлын байрыг бий болгодог, ажилтнуудын нас, хүйс, боловсрол, цалин, ажлын байрны түвшингүүдийг салбар чиглэлийн бүрээр нарийн судалсан юм. Мөн ЖДБ эрхлэгчид ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэх, ажил эрхлэлт нь улирлаас хэр зэрэг шалтгаалдгийг судлах, ажлын байрны нөхцөл байдал, ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэхийг гаргаж ирснээрээ шинэлэг байсан. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, тус судалгаанд хамрагдсан байгууллагуудын 2019, 2020 оны мэдээлэлд үндэслэн цар тахлын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж буй нөлөөг ажилчдын тооны болон орлогын өөрчлөлтөөр бодитой харуулж чадсан.
2021.04.06 19:31
0
Сургалтын хэрэгцээг тодорхойлох” судалгаа
Бид бүхэн “Каритас Чех Репаблик”-ийн захиалгаар Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд зорилтот бүлгүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилготойгоор “Сургалтын хэрэгцээг тодорхойлох” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Хамрах хүрээг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Булган аймгийн Булган сум болон Хишиг-Өндөр сум гэж тодорхойлон нийт 503 өрхөөс түүвэр судалгааг авч, 28 удаагийн ганцаарчилсан ярилцлага хийсэн. Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, бусад холбогдох баримт бичгүүд болон өмнө хэрэгжсэн ажлууд, тэдгээрийн тайлан мэдээ зэрэгт дүн шинжилгээ хийв. Энэхүү судалгаа нь хуванцар хог хаягдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад оролцогч талуудын ойлголт мэдлэгийг тодорхойлох, тэдгээрт чиглэсэн сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэж байна. Бидэнтэй хамтран ажилласан Каритас Чех Репаблик байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
2021.03.30 19:42
0
Улаанбаатар хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх байдлын зан төлөв”-ийн судалгаа
Манай байгууллага “Мастер түншлэл” ХХК-ын захиалгаар “Улаанбаатар хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх байдлын зан төлөв”-ийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгаа нь өрхүүдийн хүнсний болон хүнсний бус хэрэглээний зан төлөв, хаанаас худалдан авалтаа хийдэг, хэдий давтамжтайгаар хэрэглээгээ хангадаг түүнчлэн бүтээгдэхүүн тус бүрт зарцуулж буй мөнгөн дүн нь хэд байдаг гэдгийг нарийвчлан тогтоох зорилготой юм. Мөн өрхүүдийн авдаг үйлчилгээ (гадуур хооллох, хүүхдийн тоглоомын төв орох, кино үзэх гэх мэт) болон иргэдийн өөртөө зориулж авдаг үйлчилгээний (гоо сайхан, үсчин, гадуур хооллох, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэх мэт) зан төлөвийг тодорхойлоход чиглэгдсэн. Судалгаа нь УБ хотын төвийн 6 дүүргийн өрхүүдийг түүвэрлэн хамруулах байдлаар хийгдсэн бөгөөд амьдардаг бүс, өрхийн орлого гэсэн ялгаатай үзүүлэлтээр үр дүнг нь тодорхойлогдсон. Мөн өрхүүд амдардаг бүсээсээ хэрэгцээгээ хангадаг эсэх, хэрвээ бүс дотроосоо хэрэглээгээ хангаж чадахгүй бол аль бүс рүү очдог зэрэг олон ялгаатай үр дүнгүүдийг харж болохуйц судалгаа болсон.
2021.03.17 19:27
0
Баянхонгор аймаг дахь халаалтын болон дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ
Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар “Баянхонгор аймаг дах халаалтын болон дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын гол зорилго нь төслийн дунд хугацааны үр өгөөжийг үнэлэх байсан бөгөөд төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй өрхүүдийг харьцуулан дүнг үнэлсэн юм. Дээрх зорилгыг хангахын тулд хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллав. Үүнд: Эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг судлах, өрхийн халаалтын болон бусад хэрэглээний зардалд дүн шинжилгээ хийх, Өрхүүдийн гэр доторх агаарын чанарын талаарх ойлголтыг судлах, Тав тух, тохитой байдал, эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө, цаг хэмнэлтийг судлах, Төслийн талаарх ерөнхий ойлголтыг судлах зэрэг болно. Дээр дурдсанчлан арга зүйн хувьд Монгол гэрийн халаалт, дулаалгын багцад хамрагдсан өрхүүд болон хамрагдаагүй өрхүүд гэсэн хоёр төрөлд хуваан зорилтот түүврийн аргыг ашиглаж, судалгаанд оролцогчдыг хамруулсан. Баянхонгор аймгийн статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн өрхүүдийн амьжиргааны түвшин, амьдарч буй байршил, халаалтын шийдэл зэрэг шинж чанаруудын ижил төстэй байдлыг нь харгалзан авч үзэж хяналтын бүлгийг сонгосон. Тоон судалгааны үр дүнг бататгахын тулд чанарын судалгааг мөн зохион байгуулсан юм. Тус төслийн хүрээнд техникийн туслалцааг үзүүлсэн Баатын их сургууль, ШУТИС-ийн Профессор Б.Намхайням болон судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг бүрдүүлэхэд хамтран ажилласан нийт айл өрхүүд болон Баянхонгор аймгийн холбогдох байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.
2021.03.10 19:33
0
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа
Улсын хэмжээний сонгуулийн үеэр зөвхөн сонгогчдын хүн ам зүйн шинж чанараас гадна улс төрийн намыг үнэлэх хувь хүний шинж чанараас хамаарч сонголтод өөрчлөлт гарч болзошгүй байдаг. Үүний нэгэн жишээ болохуйц тохиолдол бол 2020 оны УИХ-ын сонгуулийн үр байв. Монгол Улс нь төрийн эрх барьж байсан хоёр том намтай боловч нэг нам нь 2 удаа дараалан ялж, нөгөө нь ялагдана гэдэг нь ялагдсан намыг дэмждэг зарим сонгогчдын хувьд шийдвэр гаргалт нь өөрчлөгдсөнийг харуулж байна. Тиймээс 2020 оны УИХ-ын сонголтод тулгуурлан МАН болон АН-ыг дэмждэг сонгогчдын саналын өөрчлөлтийг судлах зайлшгүй шаардлагатай юм. Манай улсын хувьд судалгааны институтүүд болон ОУ-ын байгууллагууд нь сонгуулийн үр дүнгийн судалгаа, тэр дундаа сонгогчдын хандлагын социологийн судалгааг хийдэг боловч сонгуулийн үр дүнд тулгуурлан сонгогчдын улс төрийн намыг тухайлан сонгож буй зан төлөвийн өөрчлөлтийг судалсан судалгаа өнөө болтол хараахан хийгдээгүй байна. Харин энэ удаагийн судалгаагаар 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын санал өгсөн байдалд дүн шинжилгээ хийж, ямар шалтгааны улмаас тухайн сонголтоо хийснийг нь тодруулж, сонгогчдын сонгуулийн үр дүнгийн сэтгэл ханамж болон улс төрийн намуудын талаарх сэтгэл ханамжийг хэмжсэн юм. Мөн АН болон МАН-уудын нэр хүнд болон дүр төрхийг судалж цаашлаад АН-ын сонгуульд ялагдсан шалтгааныг тодорхойлохоор оролдсон. Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын санал өгсөн байдлыг шинжилж, сонгогчдын улс төрийн намын гишүүнчлэл болон сонгосон намыг харьцуулан сонгох зан төлөвийг анх удаа судалснаараа шинэлэг болж чадсан юм.
2021.02.17 19:22
0
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгөх судалгаа, 2020 он
Бид “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх” зөвлөх үйлчилгээг 2013, 2014, 2017 онуудад гүйцэтгэж байсан туршлагатай ба энэ удаа 4 дэх удаагаа гүйцэтгэсэн нь нэр төрийн хэрэг хэмээн талархаж байна. Тус судалгааны түүврийн хүрээ нь 2015/2016 оны хичээлийн жилд төгсөгчид байсан бөгөөд арга зүйн дагуу тус төгсөгчдийг 4 (2017, 2018, 2019, 2020) жил дараалан мөшгөж судалгааг авдгаараа онцлогтой юм. Иймд энэ жил 4 дэх буюу сүүлийн жилийн мөшгөлтийн судалгааг манай компанийн Х.Долгормаа захиралтай мэдээлэл цуглуулалтын баг амжилттай гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөөд байна. Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн мэргэжил, ур чадварын хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг судалж, дүн шинжилгээ хийх замаар боловсрол болон хөдөлмөрийн зах зээл хоорондын зүй тогтолт холбоог харуулсан мэдээллийг бий болгоход шаардлагатай төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын программд шивж оруулах ажлуудыг захиалагчийн мэргэжил, арга зүйн удирдлага, хяналт дор 100 хувь гүйцэтгэлээ. Дээр дурдсанчлан судалгааны үндсэн нэгж нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгсөгч Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 2015/2016 онд төгсөгчид байсан. Судалгааны үр дүнгийн нарийвчилсан дүн шинжилгээ, тайланг захиалагч Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс боловсруулан олон нийтэд нээлттэй хүргэдэг бөгөөд тайлан бэлэн болох тухайн үед бид мэдээллийг та бүхэнтэй хуваалцах болно. Бидэнд үнэт цагаа гарган судалгаанд хамрагдсан нийт төгсөгчдөдөө талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
2020.12.23 11:00
0
Бид “ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ”–ийн сургалтад хамрагдлаа
Сургалтыг төслийн менежментээр мэргэшсэн зөвлөх Марк Тассе удирдан явуулсан бөгөөд сургалтын үр дүнг шууд ажилдаа хэрэгжүүлэх боломжтой байсан нь бидэнд ихээхэн үр өгөөжтэй байлаа. Сургалтаар төслийн менежмент гэж юу вэ? сэдвээс эхлээд, оролцогч талуудыг тодорхойлох, цар хүрээг гаргах, нарийвчилсан төлөвлөлт хийх, төслийн алхам тутмыг хэрхэн хэрэгжүүлэх, эрсдэлийг урьдчилан тооцох зэрэг үе шатыг бүрийг нэг бүрчлэн үзэж, өөрсдийн хэрэгжүүлдэг төсөл дээр жишээ болгон ажилласан юм. Сургалтын үр дүнд өдөр тутмын үйл ажиллагаандаа төслийн менежментийг мөрдлөг болгон ажиллаж, цаашид хэрэгжилтийг хянах тал дээр илүү анхаарал хандуулан ажиллахаар санал солилцов.
2020.07.07 13:48
0
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт баримт бичгийн судалгаа
Манай компани нь Монгол Улсын Жендерийн Үндэсний Хороо, Дэлхийн банкны захиалгаар Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах судалгааг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2018 оны байдлаар 9.7 жил болсон нь зөрүү хамгийн өндөр улс орнуудаас арванхоёрдугаарт, Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт жагсаж байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай, ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 1.5 дахин их байгаа ба нас барсан 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Үүнээс хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин их байна. Баримт бичгийн судалгаанаас авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ихэсч, эрчүүд богино насалж байгаагийн хамгийн том шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар зэрэг халдварт бус өвчлөл байна. Дараагийн гол шалтгаан нь осол, гэмтэл, амиа хорлолт зэрэг гэнэтийн хүчин зүйлс байна. Хэдийгээр эрэгтэй хүмүүс богино насалж байгаа нь халдварт бус өвчлөлөөс хамгийн их шалтгаалж байгаа боловч насны бүлгээс хамааран ялгаатай байна. Тухайлбал 15-29 насны эрэгтэй хүмүүсийн нас баралтад амиа хорлолт, мотоциклтой осол давамгайлж байгаа бол 30-44 насанд спиртийн хордлого болон амиа хорлолт их байна. Харин 45-сс дээш насанд өвчлөлийн шалтгаант нас баралт хамгийн байна. Түүнчлэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй байдал хүйсийн хувьд ялгаатай байна. Эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт бага, ялангуяа 25-34 насны эрэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгт хамрагдалт хамгийн бага байна. Эрэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж буй хамгийн гол шалтгаан нь гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг байгаагаас харахад эрэгтэй хүмүүс эмнэлгийн тусламж хэрэг болсон зайлшгүй тохиолдолд л эмнэлэгт очдог хандлага түгээмэл байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас эрэгтэй хүмүүст зориулсан эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ Монгол Улсын хэмжээнд хангалтгүй байна. Баримт бичгийн судалгааны хүрээнд дундаж наслалтыг төрийн бодлого, хөтөлбөрүүдэд хэрхэн авч үзсэн байдлыг судалсан бөгөөд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаад өдийг хүртэл анхаарал хандуулаагүй байна.  Дундаж наслалтын зөрүү нэмэгдэж байгаа нь өвчлөл, осол гэмтэл зэрэг хүчин зүйлсээс хамгийн их шалтгаалж байгаа хэдий ч эдгээрийн үүсгэж буй суурь шалтгааныг баримт бичгийн судалгаагаар тодорхойлох боломжгүй байв. Тиймээс энэхүү судалгааны үр дүнд цаашид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байгаа суурь шалтгааныг тодорхойлохын тулд халдварт бус өвчний эрсдэлд нөлөөлж буй амьдралын хэв маягийн хүйсийн ялгаатай байдал, эрүүл амьдрах мэдлэг, хандлага, дадлыг судлах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргалаа.
2020.05.31 13:50
0