Улаагчийн Хар нуурын эрэг дээрх аялал
Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах зорилготой бидний энэ жилийн ээлжит аялал Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгдэх Улаагчийн Хар нуурыг зорьсон аялал байлаа.
Энэ зуны аялал маань 2019 оны 08 сарын 01-ээс 05-ны өдрүүдэд Элсэн тасархай - Чулуутын хавцал - Тэрхийн цагаан нуур - Улаагчийн хар нуур - Хархорин гэсэн аяллын маршруттайгаар 4 шөнө 5 өдрийн адал явдал, эрч хүчээр дүүрэн сайхан аялал болж өнгөрлөө.
Аяллын эхний өдөр
Өглөөний 06:00 цагт Улаанбаатар хотоос Элсэн тасархайг зорьсноор бидний аялал эхэлсэн юм. Элсэн тасархай нь Төв, Өвөрхангай болон Булган аймгийн нутгийг дамнан сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Хангай говь хосолсон үзэмжит энэ газар түр саатан өглөөний цайгаа уун, хамт олноороо аяллын зургаа татуулав. Удалгүй бид Архангай аймгийн Тариат сумын нутагт байрлах Чулуутын гол болон 100 км орчим урт, 20-иод метр эгц өндөр, гүнзгий хүрмэн Чулуутын хавцлыг зорьсон юм. Эгц өндөр, сүрдэм, хараа булаасан энэ газар бид түр саатан, байгалийн үзэсгэлэнг дахин бишрэн, цааш Тэрхийн цагаан нуур луу хөдөллөө. Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг устай, 16 км урт энэхүү нуурын эрэгт нар жаргахтай зэрэгцэн бид ирсэн бөгөөд нуурын үзэсгэлэнт тогтоц, Хоргын тогооны бэл хэсгийг ажсаар цааш Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг зорьсон юм.
Улаанбаатар хотоос Тосонцэнгэл хүртэл 800 гаруй км явсан бид замын алжаалаа тайлан Ц.Эрдэнэмөнх ахынхаа нагацынд буудалласнаар эхний өдрийн аялал маань шувтрав. Биднийг найрсаг дотноор хүлээн авч, амттай хоол цайгаар дайлсан нагац эмээдээ энэ дашрамд талархсанаа илэрхийлээд урт удаан наслахын ерөөл өргөж байна.
Аяллын хоёр дахь өдөр
Аяллын маань 2 дахь өдөр Завханы Хожуулын голын дагуу байрлах Тосонцэнгэлийн өглөөний нартай хамт эхэллээ. Тухтай сайхан амарч авсан бид Улаагчийн Хар нуурыг зорьсон аялалдаа үргэлжлүүлэн гарсан юм. Хараа булаасан байгалийн өвөрмөц тогтоц, олон зүйлийн шувуу, уул усыг бахдан харж, нүдээ баясгасаар зорьсон газар болох Улаагчийн Хар нуурын эрэгт ирэв ээ.
Бид үд хэвийх үед зорьсон газраа ирсэн ба Улаагчийн Хар нуурыг тойрон хүрээлсэн элсэн манхнууд, маш үзэсгэлэнтэй өнгө төрх биднийг угтсан билээ. Зорьж тэмүүлсэн газраа ирсэн бид шууд л элсэн манхан руу чаргаа аван өгссөн юм. Өндөр элсэн манхнууд дээрээс чаргаар гулган, амьдралын бас нэгэн гайхалтай мэдрэмжүүдийг авсан билээ.
Элсэн дээр дураараа тоглож, хөөрсөн бид нар жаргахтай зэрэгцэн элсэн манхан, нуурын намаг хэсгийг бараадан буудаллаж, майхан, асраа барих, оройн хоолоо хийхээс авхуулан бужигналдсаар нар жаргав. Аяллын маань хоёр дахь өдөр ийнхүү зорьсон газраа ирж, элсэн дээр гулгаснаар өндөрлөсөн юм.
Аяллын гурав дахь өдөр
Майхандаа хоносон биднийг өглөөний хүйтэн бороо угтлаа. Элсэн манхан дэргэд байсан ч бороотой сэрүүхэн байсан учир нуурын эрэг ойролцоох нэгэн амралтын газрыг зорив.
Удалгүй бороо ч зогссон байсан тул дахин Улаагчийн Хар нуурынхаа эрэг рүү явган аялал хийхээр хөдөлсөн юм. Жил бүрийн аялал ямар нэг зүйлээр онцлогтой байдаг ба энэ жилийн онцлох зүйлийн нэг нь элсэн манхан дундуур, хөл нүцгэн явган аялал хийсэн нь байлаа. Мөн бидний аяллын хамгийн оргил үе бол элсэн манхнаас нуурын эрэг рүү чаргаар гулгасан мөч байсан юм. Нэлээд огцом өндөр элсэн эргээс нуур руу чаргаар гулгах нь бас л эр зориг, хатуужил шаардаж байсныг нуух юун. Иймд эрчүүд минь бүгд л зоригтой гулгаж, жинхэнэ кайфыг мэдэрч байсан бол, эсрэгээрээ охидын маань зарим нь бага зэргийн зориг дутаж, гулгаж чадаагүйг нуух юун.
Халуун нар дээрээс шарж, Хар нуурын хүйтэн усанд тоглож, наадсаар цаг нэлээн өнгөрч борооны үүл дөхөөд ирснийг анзаарсангүй. Аадар борооноос урьтан хамт олноороо зургаа татуулчхаад, ширүүн бороонд цохиулах шахав. Туршлагатай аялагчдын маань нэг майхнаа элсэн манхан дээр авчран барьсан байсан нь ширүүн борооноос биднийг авраад зогсохгүй, багийн ажиллагааг маань шалган, нэг майхандаа 27-уулаа багтаж, борооноос хоргодож чадсан нь мартагдашгүй нэг дурсамж болон үлдсэн.
Аяллын дөрөв дэх өдөр
Энэ өглөөг бид Улаагчийн Хар нуурын эрэг дээрх амралтын газартаа угтлаа. Мөн хоорондоо бяцхан уралдаан, тэмцээн зохион явуулж, манлайлж түрүүлсэн багаа урамшуулан хөгжилтэй цаг мөчийг өнгөрөөв. Тун удалгүй бид ачаа тээшээ ачиж, буцах замдаа орлоо.
Замдаа Тосонцэнгэл сумаар өнгөрч, Улаанбаатар хотын зүг жолоо залсан юм. Аяллын маань зам урт байсан учир бид Архангай аймгийн нутаг дахь Тэрхийн цагаан нуурын ойролцоох газар хоноглохоор болов. Аяллын туршид болсон хөгжилтэй, адал явдалтай мөчүүдээ хуваалцан ярилцаж, ирээдүйд хийж бүтээх ажилдаа амжилт хүсэн, галын наадмаа тойрч бүжин, халуун дулаан мөчийг өнгөрүүлээд, аяллын маань сүүлчийн шөнө өнгөрөв өө.
Аяллын тав дахь өдөр
Тэрхийн цагаан нуурын эрэг дээр аяллынхаа сүүлийн өдрийг эхлүүлэв. Өглөөний цайгаа ууж, орчин тойрондоо байгаа хог, хаягдлыг цэвэрлэж, Хархорины зүг хөдөлсөн юм. Жил бүрийн аяллын буцах замдаа орж заншсан газрын маань нэг бол Эрдэнэзуу хийд бөлгөө. Эртний уламжлалт дурсгалт газартай танилцан, түүх соёлоороо бахархах сэтгэлтэй үлдсэн билээ бид.Байгалийн үзэсгэлэнт газрууд, олон зүйлийн зэрлэг амьтад, цаг цагаар солигдох байгалийн дахин давтагдашгүй өнгө төрхийг аяллынхаа замын туршид үзэж, сонирхсоор Улаанбаатар хотдоо ирснээр бидний энэ удаагийн аялал маань өндөрлөсөн юм.
Энэ жилийн аялал маань хамгийн хол бөгөөд олон хоногоор үргэлжилсэн гайхамшигтай дурсамж үлдээсэн аялал байлаа. SICA компанийн хамт олон бид нийтдээ 2,300 гаруй км замыг туулж, нар хур хоёр ээлжилж аргадсан, эрч хүчээр дүүрэн сайхан цаг хугацааг өнгөрүүллээ.
SICA КОМПАНИЙН ХАМТ ОЛОН БИД МАРТАГДАШГҮЙ САЙХАН ДУРСАМЖИЙГ ҮРГЭЛЖ ХАМТДАА БҮТЭЭЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙЖ, АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭ УЛАМ БҮР БАЯЖУУЛСААР БАЙХ БОЛНО ОО.