Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 24-ний өдрүүдэд гүйцэтгэлээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчээр үнэлүүлэн, нийт 39 үзүүлэлтээр тооцоолон гаргасан.
Хэрэглэгчийн үнэлгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр зэрэгт туссан боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарын бодлогын зорилт, тэдгээрийн хэрэгжилтэд баримт бичгийн шинжилгээ хийсэн;
Баримт бичигт хийсэн шинжилгээндээ тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулсан;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгийн талаар хэрэглэгчээс судалгаа авах арга, асуулгыг боловсруулсан;
Боловсруулсан аргыг ашиглан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэн, тэдний саналыг цуглуулсан;
Хэрэглэгчээс авсан судалгаанд үндэслэн нэгдсэн дүгнэлт, үнэлгээг боловсруулсан;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд цаашид анхаарах, сайжруулах асуудлыг тодорхойлж гаргасан.
Тус судалгааг иргэд болон харилцагчид гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр явуулсан бөгөөд хот, хөдөөгийн иргэдийг хамтад нь хамруулсан болно. Судалгаанд боловсролын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, соёлын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, шинжлэх ухааны салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, спортын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид гэсэн үндсэн 5 бүлгийн төлөөлөл хамрагдсан.
Бидэнтэй хамтран ажилласан БСШУСЯ-ны хамт олонд талархан илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.